Sunday, December 13, 2009

76 гишүүнд төсөвлөгдсөн нэг тэрбум төгрөгөөс оюутнуудад тэтгэлэг олгох хүсэлт хүргүүлнэ

Монголын оюутны холбооны дэргэдэх “Нэгдэх үү” аянаас УИХ-ын 76 гишүүнд хандан оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх хүсэлт тавих гэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.


“Ирэх 2010 оны улсын төсөвт УИХ-ын гишүүн тус бүрт нэг тэр бум төгрөг төлөвлөгдсөн байгаа. Тиймээс тэр мөнгөнөөс Монголын нийт оюутан залуучуудыг дэмжин тэтгэлэг олгох боломжийг бүрдүүлэн ажиллахыг бид гишүүдээс хүсэх юм” гэж тус аяныхан ярьж байна. 

Үүний сацуу Монгол улсын нийт 160 гаруй мянган оюутныг төрийн түшээдэд тэтгэлэг олгох уриалгыг дэмжихийг хүссэн захидал бичүүлэх ажлыг зохион байгуулах аж.

Энэ нь 150 гаруй их, дээд сургуулийн оюутны зөвлөл нэгдэн хэрэгжүүлж байгаа тус аяны хүрээнд хийж байгаа ажлын нэг хэсэг гэнэ.

“Бид аяны хүрээнд нийт 20 сургуулийг төлөөлөл болгон сонгож сургалтын төлбөрийн асуудлаар судалгаа хийсэн. Гэтэл судалгаанд оролцогч оюутнуудын 60-аас илүү хувь нь сургалтын төлбөрийн асуудалтай байсан. Иймээс л дээрх ажлыг нэн түрүүнд хийх нь чухал болоод байна” гэж “Нэгдэх үү” аяны гишүүд хэллээ.

Аяны зорилго нь оюутнуудад тулгараад байгаа нийгмийн чанартай тулгамдсан асуудлуудыг хүний гар харах бус өөрсдөө нэгдсэний үндсэн дээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлж тодорхой үр дүнд хүрэх явдал хэмээн тэд тайлбарласан.

Үүнээс гадна уг аянаар хэд хэдэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тухайлбал, Их, дээд сургууль, коллежийн оюутны холбоодын тэргүүлэгч, гишүүдэд зориулан оюутны эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх “Оюутны өөрөө удирдлага” хэмээх ном гарган тараах ажлыг хийж байгаа юм байна.

Мөн гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй бүлгүүдэд оюутнуудыг багтааж үзэн тэдний дунд “Баасан гаригийг аваръя” хөдөлгөөн өрнүүлэх аж. Уг ажлаар оюутны чөлөөт цагийг хэрхэн зөв боловсон өнгөрүүлэх талаар нөлөөллийн чанартай ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бүх сургуулийг нэгдсэн мэдээллийн баазад холбож блогжуулах хөтөлбөрийн өрнүүлэх гэнэ.

Дээрх аян нь 2011 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийт оюутнууд хийж бүтээсэн ажлаа тайлагнах юм байна.

No comments:

Post a Comment